Хэрэв та ганцаараа арал дээр хаягдсан бол яах
вэ? Яг л Робинзон Крузо шиг. Та хэр удаан амьдарч чадах бол. Арал дээр ясаа
тавих болуу эсвэл амьд үлдэж завь хийн гэртээ харьж чадах болов уу. Надад ч
хааяа ийм бодол төрдөг. Тэр арал хэрхэн амьд үлдэх талаар үлгэрийн мэт бодлууд
хөвөрдгийг нуугаад яахав.
Тэгвэл энэхүү Робинзон Крузо гэдэг нь Даниел
Дефогийн 1719 оны “The Farther Adventures of Robinson Crusoe” нэртэй уран зохиолын
гол баатар юм. Энэ зохиолоор нилээн хэдэн кинонууд хийгдсэн байдаг. Надад орчин
үеийн Робинзон Крузо гэж хэлж болох Томас Ханксийн тоглосон 2000 оын “Cast Away” кино илүү ойр санагддаг.
FedEx-н системийн инженер Чак Ноланд Малайз руу (дахиад л) явж байгаад далайн
шуурганд цохиулж номхон далайд осолддог.
Тэр FedEx-н ажилтан хувь хүнийх нь талаас харвал сэтгэлийн
хаттай бас ч хүү сэргэлэн, хайр сэтгэлдээ үнэнч
залуу. Харамсалтай нь арал дээр тулгарсан хүнд асуудлуудын
нэг болох шүдний өвчинг нь эдгээж чадах шүдний эмчтэй (өмнө нь уулзаж байсан) эхнэр болох гэж байсан
бүсгүй нь гэрлэчихсэн байсныг эс тооцвол арал дээр алдаад байхгүйгээр дажгүй
амьдарчихсан шүү. Мэдээж сайн анд Вилсонийн (воллейболийн бөмбөг) сэтгэл зүйн дэмжлэгийг дурдахгүй байхын аргагүй.
Ер нь арал дээр, эзгүй талд ч юмуу ганцаараа хаягдсан Робинзон Крузод, Чак
Ноланд (Том
Ханкс) хэн ч
байтугай Маслоуын хэрэгцээний шатлалын дагуу үндсэн хэрэгцээ болох хоол унд,
аюулгүй амьдрах орчин шаардлагатай. Дараа нь сэтгэлзүйн хэрэгцээ шаардагдана (Вилсон үүнийг орлож
байсан нь яамай). Эдгээрийн давчихсан байхад эхний ээлжинд бол дажгүй шүү.
Эдийн засгийн мөчлөгийн онолд ч (ялангуяа Бодит Бизнесийн
Мөчлөгийн онолд) мөнгөгүй, санхүүгийн системгүй орчинд бизнесийн мөчлөг хэрхэн
явагддагийг тайлбарлахдаа Робинзон Крузогийн туйлын тохиолдлыг ашигладаг.
Робинзон Крузог нэг бүтэн эдийн засаг гэж төлөөлүүлэн авч үзвэл бүтээмж нь
технологийн шок буюу цаг агаарын нөхцөл байдал хэрхэн нөлөөлж байгааг харуулдаг.
Тухайлбал цаг агаарын байдал ойрын хугацаанд
байгаагүйгээр сайжирсан гэж үзье. Энэ нь урьдийнхтайгаа ижил цаг зарцуулаад
илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэх (газар тариалан, загасчлал зэрэг) боломжтой. Тэрээр зөвхөн өнөөгийн хэрэглээнээс
гадна ирээдүйн хэрэглээндээ анхаардаг тул чөлөөт цагаа багасгаж, ажиллах цагаа
нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл хөдөлмөрөө үе хооронд орлуулна. Их хөдөлмөрлөснөөр
хадгалах хандлага нэмэгдэх ба дараагийн үе дах капиталын хэмжээ нэмэгдэнэ. Энд
эдийн засгийн төлөөлөгч буюу Робинзон Крузо нь рациональ буюу шокт оновчтой
хариу үйлдэл үзүүлдэг тул эдийн засаг динамик Парето үр ашигтай. Плоссерийн (1989) үзэж буйгаар шокын
хариуд хийгдэж буй үйлдлүүд нь төлөөлөгчдийн сонголтоор хийгдэж байгаа бөгөөд
энд хөндлөнгийн ямар нэгэн нөлөө байх ёсгүй (нийгмийн төлөвлөгч, төрийн оролцоо шаардлагагүй). Улмаар мөнгө,
санхүүгийн хувьсагчид нөлөө байхгүй зөвхөн бодит хувьсагчид (бодит цалин, бодит хүү
зэрэг, бүтээмж) эдийн засагт нөлөөтэй гэж
тайлбарлаж болно.
Өмнөх хэсэгт танилцуулж (OLG) байсан үе хооронд шилжилтийн OLG загварт зөвхөн 2 үеийн
авч үзсэн. Харин Робинзон Крузогийн хандлагаар эдийн засгийг хязгааргүй
амьдрагч төлөөлөгч нэг нөхрөөр төлөөлүүлэн түүний үйл хөдлөлөөр загварчилж болно.
Хязгааргүй амьдрагч төлөөлөгч нь ирээдүйн хэрэглээний өнөөгийн үнэ цэнийг
хязгаарлалтуудын хүрээн тооцож үзэн шийдвэрээ гаргадаг. Эндээс үе хооронд шилжилтийн
загвараас бизнесийн мөчлөгийн онцлогийн илүү харуулж чаддаг.
Гэхдээ нэг хүний үйл хөдлөл, шийдвэр
гаргалтаар бүхэл бүтэн эдийн засгийг төлөөлүүлэн ойлгож болох эсэх тал дээр маргаан
бий. Өөрөөр хэлбэл микро түвшингээр макро түвшний эдийн засгийг төлөөлүүлж,
тайлбарлаж байна гэсэн үг. Үүнийг хүлээн зөвшөөрөхийн тулд хэд хэдэн урьдач
нөхцөлүүдийг бий. Нэгдүгээрт зах зээлийн төгс өрсөлдөөнт гэж үзнэ. Өөрөөр хэлбэл
хувьсагчууд уян хатан, бүтээгдэхүүн болон санхүүгийн зах зээлд төгс шилжих боломжтой,
эрэлт болон нийлүүлэлт талаасаа төгс өрсөлдөөнт буюу жинхэнэ сонгодог чөлөөт
шинж чанарууд хангагдсан эдийн засгийг Робинзон Крузогийн эдийн засгаар
төлөөлүүлж болно. Үүнийг MasColell, Whinston, ба Green нар “Микроэдийн засгийн онол” хэмээх 1995 оны бүтээлдээ
“Second fundamental welfare theorem”-р тайлбарласан байдаг. Ашиглаж буй техник технологи, таашаал ба анхны
нөхцөл ижил үед хязгаарлагдмал хэмжээст эдийн засагт хязгааргүй хугацаа болон бүтээгдэхүүнтэй,
төгс өрсөлдөөнт, парето оптимал зах зээл ба нийгмийн төлөвлөгчийн (Робинзон Крузо) шийдвэр гаргалт,
тэнцвэрт тогтвортой төлөв ижил гэсэн санаа юм. Эдийн засгийн загварчлалын үндсэн
суурь асуудал тул маргаан, мэтгэлцээн дагуулах нь ойлгомжтой. Төгс хэмээн
таамаглалд ямар нэгэн үрэлт, хязгаарлалт оруулж ирэхэд л Робинзон Крузогоор
төлөөлүүлэх нь зөв эсэхэд эргэлзээ төрүүлнэ. Мэдээж энэ талаар асар болон
судалгаанууд байдаг тул дэлгэрэнгүйг холбогдох ажлуудаас харж болно.
ЭХ СУРВАЛЖ
McCandless, G. (2008). THE ABCs oF RBCs: an introduction to dynamic
macroeconomic models. HARVARD UNIVERSITY PRESS.
Robert J. Barro; Xavier Sala-i-Martin. (2004). ECONOMIC GROWTH.
Massachusetts Institute of Technology.
Сноудон, & Вейн. (2010). Очрин Үеийн МакроэкономиксӨмнөх холбоос>Overlapping-generations-model-OLG
Comments
Post a Comment