Wednesday, November 12, 2014

Би нүүдлийн цахилгаан станц

Би нүүдлийн цахилгаан станц

Өдөр шөнөгүй эрчим хүч тархинаасаа уудлах
Өнгө гэрэл өөрөөсөө эрэх
Би нүүдлийн цахилгаан станц

Сэдвийг нүүрс шиг залгиж
Сэрэхүйн зууханд шатааж шинийг сүлэх
Шүүдэр тоолон гэгээ цацах
Би нүүдлийн цахилгаан станц

Арьсгүй гараар хорвоог тэмтэрч
Аль харанхуй руу судасааараа гэрэл өртөөлөх
Халиун талаасаа ургасан
Халуунтай хүүхэд шиг уухилсан
Би нүүдлийн цахилгаан станц

Өөнтөгч сэтгэлийнхээ хөөрөлд автаж
Өдөртөө хэд асарч унтардагч
Дэлхийн цөмөөс хүйгээрээ цэнэглэгдэж
Дээд тэнгэрийн одонд хүслээрээ хэлхэгдсэн

Би нүүдлийн цахилгаан станц

Б.Лхагвасүрэн