Tuesday, April 21, 2015

Эдийн засгийн өсөлт, 2014

Алив зүйл өөрт буй нөөц, тулгарах хязгаарлалтын хүрээнд өсөхтаталцалд хөтлөгддөг мэт. Энэ нь ч эдийн засгийн өсөлтийн онолын үнсдэн ойлголтын суурь болсон байх.
Саяхан буюу 2013 онд Монгол эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд эхний 10т бичигдэж байлаа. Аз ч гэхүү эз ч гэхүү нөгөө суперциклийн давалгаанд өртөн мандаж бид мөчлөгийн ёроолруу гулгаж байна уу даа?
Монгол улсын эдийн засаг 2014 онд 7.8 хувиар өссөн. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2010 онтой зэрэгцүүлж тооцоход 15.4 их наяд төгрөг харин оны үнээрх нэрлэсэн ДНБ 21.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 14.3 хувиар өссөн байх юм.
Эдийн засгийн өсөлтийг задалж авч үзвэл малын тоо 52 сая толгойд хүрч, манай орны эдийн засгийн уламжлалт салбар болох хөдөө аж ахуйн салбар 14.4 хувь өссөн. Экспортын голлох бүтээгдэхүүнүүдээс зэсийн баяжмал, газрын тосны олборлолт, экспортын хэмжээ огцом өсч, 2014 онд 1.4 сая тонн зэсийн баяжмал, 6.9 сая тонн газрын тос экспортолсон нь уул уурхайн салбарт өндөр өсөлт гарахад голлон нөлөөлжээ. Аж үйлдвэр, барилгын салбарынх 16.1 хувь, үйлчилгээний салбарынх 4.8 хувиар өссөн. ДНБ-ний 7.8 хувийн өсөлтийн 4.9 нэгж хувийг уул уурхай, олборлох салбар, 1.7 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 1.6 нэгж хувийг үйлчилгээний бусад салбар хангасан байна.
2011 оны төгсгөлөөс хойш эдийн засгийн өсөлт аажмаар буурсаар нэг оронтой тоонд хүрсэн. Ийнхүү саарахад экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ унасан, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурсан нь нөлөөлөв. Эдийн засгийн өсөлтийн хурдац саарч, бизнесийн идэвхжил суларч байгаагаас 2014 онд худалдааны салбар 6.9 хувь, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ 10.6 хувь, бүтээгдэхүүний цэвэр татвар 8.1 хувийн уналттай гарлаа.



Зураг: Бодит Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт,%, ҮСХ

2013 онтой харьцуулахад боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилга, мэдээлэл, холбоо холбооны салбарын өсөлт саарсан. Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа, үйлчилгээний бусад үйл ажиллагааны чиглэлийн өсөлт хурдассан.
Эрэлт талаас нь харвал ДНБ-нийг эцсийн хэрэглээ 70.3 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 32.2 хувь, цэвэр экспорт -2.5 хувийг эзэлж, өмнөх оныхоос эцсийн хэрэглээ 2.1 нэгж хувь, цэвэр экспорт 17.7 нэгж хувиар өсч, харин хөрөнгийн нийт хуримтлал 19.8 нэгж хувиар буурсан байна. Нийт хуримтлал нь 2014 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом багассан болон Монголбанкнаас мөнгөний уламжлалт бус бодлогын хүрээнд эдийн засгийн бодит секторт хувийн хэвшлээр дамжуулж хийсэн мөнгөний нийлүүлэлт буурсны нөлөөгөөр ийнхүү буурчээ. 2014 оны эцэст экспорт 51.4%-иар, импорт 4.9%-иар өссөн.
Ойрын төлөв (Монголбанкны зүгээс):
Нийлүүлэлт талаас нь харвал 2014 оны туршид хөдөө аж ахуй, уул уурхай, үйлчилгээний зарим салбар эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөхөөр байгаа бол барилга, худалдаа, бүтээгдэхүүний цэвэр татвар сөрөг нөлөөтэй байхаар байна. Зэсийн баяжмал, газрын тос, төмрийн хүдэр нь уул уурхайн салбарын өсөлтийг голлон бүрдүүлэх бол боловсруулах болон цахилгаан, дулаан, уур, ус хангамж зэрэг бусад аж үйлдвэрлэлийн салбар эдийн засгийн өсөлтөд бага нөлөө үзүүлэхээр байна. Үйлчилгээний салбаруудаас авто замын тээврийн үзүүлэлтүүд өндөр байгаа нь тээврийн салбар эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх нөхцөлийг бий болгохоор байгаа бол бөөний ба жижиглэн худалдааны салбарын хувьд эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлтэй байна.
Эрэлт талаас хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлаас харахад 2014 онд өрхийн орлого нэмэгдэхээргүй байгаа, өрхийн өр, орлогын харьцаа өсч байгаа нь өрхийн хэрэглээг хумих чиглэлд нөлөөлөхөөр байна. Улсын төсвийн орлогын гүйцэтгэл дутуу, төсвийн алдагдлыг ДНБ-ний 2%-иас хэтрүүлэхгүй байлгах хуулиар тогтоосон тусгай шаардлагатай зэргийн улмаас Засгийн газрын хэрэглээ ирэх 2 улиралд дотоод эрэлтэд нөлөө үзүүлэхээргүй байна. Гадаад болон дотоод хөрөнгө оруулалт буурах хүлээлттэй тул нийт хуримтлал мөн буурахаар байна. Иймд 2014 оны туршид нийт эрэлтийг тэтгэх, хөрөнгө оруулалтын бууралтыг нөхөх гол хүчин зүйл нь цэвэр экспорт байх аж.
Монголбанкны судлаачдын таамаглаж байгаагаар эдийн засгийн өсөлт  2015 онд 6.1 хувь байхаар байна.


Зураг: ДНБ жилийн өсөлтийн таамаглал, %, Монголбанк
Уг таамаглалд 1) гадаад эрэлт сэргэх төлөвгүй, 2) өрхийн өр, орлогын харьцаа нэмэгдсэн нь хувийн хэрэглээг хязгаарласан, 3) төсвийн орлогын тасалдлаас шалтгаалж төсвийн зардлыг бууруулах шаардлага өссөн, 4) Монгол Улсын гадаад цэвэр актив буурч байгаа нь эдийн засгийн бодит секторын идэвхжил, дотоод эрэлтийг дэмжих бодлогын орон зайг олгохгүй байна хэмээн үзсэн байна.        


Эх сурвалж
Монголбанк. (2014). Статистикийн сарын бюллетень. Монголбанк.
Монголбанк. (2014). Төрөөс мөнгөнийн бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл. Монголбанк.
ҮСХ. (2014). Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал.